Хувийн эрх зүйн хуулийн этгээдийн эрхгүй байгууллага-Хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах
нэгдлийн эрх зүйн зарим асуудлын тухайд
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн
ахлах багш Дагвадоржийн Энхзул
-
Хувийн эрх зүйн байгууллагын тухай ойлголт, ангилал
-
Хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах нэгдлийн практикт илрэн гарч буй хэлбэр
-
Хамтран ажиллах гэрээ нь хувийн эрх зүйн байгууллагын суурь хэлцэл болох нь
-
Дүгнэлт
1. Хувийн эрх зүйн байгууллагын тухай ойлголт, ангилал
Хууль зүйн шинжлэх ухаан ялангуяа эрх зүйн онолын хувьд объектив эрх зүйн зохицуулалтыг (эрх зүйн тогтолцоо ч гэж нэрлэдэг) эрх зүйн салбарт хувааж авч үздэг ба түүний нэг нь хувийн эрх зүй юм.
Хувийн эрх зүй нь эрх зүйн нэг хэсэг бөгөөд үүгээр харилцан тэгш эрх бүхий нийгмийн тодорхой гишүүд хоорондын харилцааг зохицуулдаг.
Энэхүү хүн бүрт үйлчлэх хувийн эрх зүйн нэг хэсэг бол иргэний эрх зүй юм. “Иргэний эрх зүй” гэсэн нэр томьёо нь зөвхөн иргэнд үйлчлэх эрх зүй гэсэн утгыг илэрхийлэхгүй бөгөөд илүүтэйгээр эртний ромын “ius civile”-ээс гаралтай юм. Өнөөдөр ч бид үүнийг хэрэглэж байгаа бөгөөд учир нь хүн бүрт үйлчлэх хувийн эрх зүйн дийлэнх харилцаа нь Иргэний хуулиар зохицуулагддаг.[1]
Өмнө нь иргэний эрх зүй нь хувийн эрх зүйг бүхэлд нь илэрхийлдэг байсан буюу “иргэний эрх зүй”-н тухай ойлголт нь “хувийн эрх зүй”-тэй адил байсан. Цаг хугацааны явцад тусгай салбар эрх зүй (жишээлбэл, тодорхой хэсэг бүлэг хүмүүст эсхүл тодорхой салбарт зориулсан) улам бүр олноор бий болж эхэлсэн. Иймээс ч өнөөдөр иргэний эрх зүй буюу хувийн нийтлэг эрх зүйн зэрэгцээ хувийн эрх зүйн зөвхөн тодорхой салбарыг зохицуулах хувийн салбар эрх зүй оршиж байна. Үүнд, хөдөлмөрийн эрх зүй, бизнесийн эрх зүй гэх мэт салбар эрх зүйд хамаарна.
Иргэний эрх зүй нь хувийн эрх зүйн үндэс нь юм. Хувийн нийтлэг эрх зүй болохын хувьд түүнд үндэслэн хувийн тусгай салбар эрх зүйд бий болдог. Эдгээрийг зөвхөн хувийн нийтлэг эрх зүйд суурилан ойлгох боломжтой. Хувийн салбар эрх зүй нь хэдийгээр бие даасан шинжтэй ч өнөөдөр тэдгээрийн болон иргэний эрх зүйн уялдаа холбоо хэвээр байсаар байгаа болно.
“Хувийн эрх зүй бол эрх тэгш талуудын хоорондын гэрээний үндсэн дээр тодорхой бие хүн, хүмүүсийн хамт олны ашиг сонирхлыг хангаж, иргэн тэдгээрийн нэгдэл, үйлдвэр, компани, аж ахуйн бусад бүтцийн харилцааг зохицуулдаг дагаж мөрдөж буй эрх зүйн тогтолцооны нэг хэсэг мөн”[2] гэж тодорхойлсон байдаг.
Энэ ч утгаараа хувийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах харилцааны нэг хэсэг нь эрх зүйн этгээдүүдийн нэгдэл буюу хувийн эрх зүйн байгууллагад холбогдох харилцаа юм.
Иргэний эрх зүйн харилцааны оролцогчийг бүхэлд нь эрх зүйн этгээд гэж томьёолсон байдаг.[3] Иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрх зүйн боломж бүхий эрх зүйн этгээдийг иргэний эрх зүйн харилцааны субъект гэж товчоор тодорхойлж болно.[4] Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна.” гэж заасан. Ийнхүү эрх зүйн этгээдийг субъектийн хувьд иргэн ба байгууллага гэсэн хоёр хэлбэртэй байхаар хуульчилсан байна.
Нийгмийн харилцаанд зөвхөн нэг иргэн төдийгүй хэд хэдэн иргэн өөрсдийн ашиг сонирхол, хүсэл зоригоо нэгтгэн нэгдмэл эд хөрөнгөтэй байж, эрх зүйн нэг этгээдийн хувьд эрх олж авч, үүрэг бий болгож, эрх, үүрэг хэрэгжүүлж, эрх зүйн тодорхой үр дагаврыг хариуцах нь зайлшгүй шинжтэй байдаг. Ийнхүү зохион байгуулагдаж, нэгдэж буй тэр хэлбэрийг нийгмийн утгаар нь байгууллага хэмээн нэрийддэг.[5]
Байгууллагыг эрх зүйн зохицуулалтаар шалгуур болгон нийтийн эрх зүйн, хувийн эрх зүйн гэж ангилна.
Хувийн эрх зүйн байгууллага гэдэгт хамтын зорилгыг хэрэгжүүлэхээр хэлцлийн (дүрэм) үндсэн дээр нэгдсэн, хувийн эрх зүйн хэм хэмжээнд тулгуурлан байгуулагдсан байгууллагыг ойлгоно гэж тодорхойлж болох юм.
Хамтын зорилгоо тодорхойлсноор оролцогч этгээдүүдэд тус тусын нөөц бололцоог тодруулж хэлбэл хөрөнгө болон ажиллах хүчээ нэгтгэн эдийн засгийн (ашиг олох) болоод эдийн засгийн бус томоохон төслийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Иргэний болон холбогдох бусад хуулиудад хувийн эрх зүйн байгууллагын төрөл, хэлбэрүүдийг нэрлэн зааснаас үзэхэд энэ харилцаанд “numerus clausus”-ийн зарчим үйлчилдэг буюу зөвхөн хуульд заасан төрлийн байгууллагыг байгуулах боломжтой байна. Тодруулж хэлбэл үүсгэн байгуулагчид нь байгууллагын шинэ төрлийг “нээх” эрхгүй буюу хамтын зорилгоо зөвхөн хуульд заасан байгууллагын аль нэгийг байгуулах замаар хэрэгжүүлэх боломжтой юм. Ийнхүү байгууллагын төрөл, хэлбэрийг хуулиар нэрлэн зааж өөр бусад төрлийн байгууллага байгуулах боломжийг хязгаарласан мэт боловч хамтран ажиллах гэрээ эсхүл байгууллагын дүрмээр өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зохицуулалтыг бий болгох өргөн боломжтой байдаг.
Эрх зүйн субъектийн нэг хэлбэр болох байгууллага нь нэг талаас хуулийн этгээд, нөгөө талаас хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын хувьд оршин байх боломжийг Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгээр олгосноос гадна хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын илрэн гарч болох төрлийн талаар ч тусгайлан зохицуулсан байдаг.[6]
Хувийн зорилгыг хэрэгжүүлэхээр нэгдсэн, хувийн эрх зүйн хэм хэмжээнд тулгуурлан зохион байгуулагдсан хуулийн этгээдийг хувийн эрх зүйн хуулийн этгээд гэнэ.
Хувийн эрх зүйн хуулийн этгээдийг үйл ажиллагааны чиглэлээр нь ашиг олох зорилготой, ашгийн, ашиг олох зорилгогүй, ашгийн бус гэж ангилдаг.[7]
Хувийн эрх зүйн хуулийн этгээдийн үндсэн төрөл нь ашгийн төлөө хуулийн этгээд болох нөхөрлөл, компани юм.[8]
Иргэний хуулийн 33.2-р зүйлээр ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулахаар хуульчилсан байдаг.
Холбоо, сан, хоршооны хувьд хүмүүсийн нэгдэл эсвэл бусад идеаль зорилго чухал байдаг гэсэн үзэл баримтлалын үүднээс ашгийн төлөө бус хуулийн этгээд гэж үздэг ч эдгээр нь бодит байдал дээр тодорхой ашиг олох үйл ажиллагаа явуулдаг[9] гэж зарим судлаачид үздэг. Хууль тогтоогчийн үзэл санааны дагуу дээрх байгууллагууд нь ашгийн бус зорилгыг хэрэгжүүлэхээр нэгдэн ажиллах явдал байсан. Харин практикт бий болоод буй нөхцөл нь хууль тогтоомжийн хэрэгжилттэй хамааралтай байж болох юм.
Хуулийн этгээдийг зохион байгуулалтын шинжээр нь энгийн ба нийлмэл (хуулийн этгээдүүдийн нэгдэл) гэж ангилна.[10]
Түүнчлэн хуулийн этгээдийн шалгуурт хүрдэггүй, хүмүүсийн нэгдлийг Иргэний хуулинд тусгасан байдаг. Үүнд нийт 3 төрлийн хувь этгээдийн нэгдэл тухайлбал хамтран ажиллах гэрээний талууд, гэр бүлийн гишүүдийн нэгдэл (Иргэний хуулийн 128-р зүйл) болон хамтран өв залгамжлагчид (Иргэний хуулийн 530-р зүйл) багтана. Энэхүү хувь этгээдийн нэгдлийн гол онцлог шинж нь аливаа хөрөнгийг хэд хэдэн этгээд хамтдаа захиран зарцуулах эрхтэй байдагт оршино. Эдгээр тусгай хөрөнгө нь гэр бүлийн дундын өмч, өвлөгдөх гэж буй эд хөрөнгө болон хуулийн этгээдийн хөрөнгийг хамрах ба дээрх нэгдэлд оролцож буй хувь этгээдийн хөрөнгөөс тусгаарлаж авч үздэгээрээ хуулийн этгээдтэй төстэй.[11]
Хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах хувийн эрх зүйн хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад энэ гэрээний нэгдлээс гадна бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөл хамаарахаар тус тус зохицуулсан байдаг.
Хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хуулийн этгээдийн үндсэн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, ашгийн болон ашгийн төлөө бус зорилгод хүрэхийн тулд байгуулагдах боловч улсын бүртгэлд бүртгүүлдэггүй, түр зуурын шинжтэй зохион байгуулалтын нэгдэл[12] гэж тодорхойлсон байна. Тодруулж хэлбэл судлаач Б.Улаанбаатарын хувьд хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг зөвхөн түр хугацааны хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр байгуулагдсан зохион байгуулалтын нэгдэл гэж үзсэн байна.
2. Хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах нэгдлийн практикт илрэн гарч буй хэлбэрүүд
Хуулийн этгээдтэй харьцуулахад хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг байгуулахад хуулиар тухайлсан шаардлагыг тавьдаггүй, байгууллагын гишүүн давхар татвар төлдөггүй, байгууллагын үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжтой, өөрийн удирдлагын зарчимтай зэрэг[13] олон олон давуу талтай тул сүүлийн үед байгууллагын энэ хэлбэрийг сонгон хамтран ажиллах явдал түгээмэл болсоор байна. Нөгөө талаас ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нь энэ байгууллагын практик ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байгаа юм. Үүнээс зарим нэгийнх нь талаар товч авч үзье.
Жижиг, дунд хэмжээний бизнесийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх сонирхол бүхий этгээдүүд хамтран ажиллах гэрээ байгуулах замаар нэгдэн ажиллах тохиолдол түгээмэл байна. Үүнээс гадна тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа хамтран хэрэгжүүлэх сонирхол бүхий этгээдүүд тухайлбал өмгөөлөгч, эмч гэх мэт мэргэжлийн хүмүүс нөхөрлөл байгуулан бүртгүүлэхийн оронд ийм хэлбэрээр нэгдэн ажиллаж байна.
Богино буюу түр хугацааны хамтын ажиллагааны тухайд талууд консорциум байгуулж ажиллах тохиолдолд олон байдаг. Томоохон хэмжээний төслийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө оруулагчид хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэгдэж консорциум байгуулдаг. Тендерийн ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтад хөрөнгө, машин механизм, ажиллах хүчин бүхий хуулийн этгээдүүд консорциум хэлбэрээр нэгдэн оролцож, хамтран үүрэг гүйцэтгэдэг.
Мөн хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах нэгдлийг барилгын салбарт сонгон хэрэглэх тохиолдол түгээмэл байдаг. Томоохон барилгын төслийн гүйцэтгэгчээр ажиллах тохиолдолд техникийн боломж, хүний нөөц болон мэргэжлийн боловсон хүчин хүрэлцэхгүй байх явдал түгээмэл байдаг. Ийм учраас барилгын компаниуд тухайн ажлыг хамтран гүйцэтгэхээр түр хугацааны нэгдлийг байгуулдаг.
Хуулийн этгээдүүдийн нэгдэл тухайлбал үүнд картель, концернийг дурдаж болох юм. Зах зээлд нөлөөлөх зорилгоор хэд хэдэн хуулийн этгээд картель байгуулж болно. Өрсөлдөөний тухай хуулийн 11.2-р зүйлд “Аж ахуй эрхлэгчийн хооронд байгуулсан дараахь гэрээ, хэлцэл (картель) нь нийтийн ашиг сонирхолд харшлах, эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцлийг бүрдүүлэхээр бол хориглоно...” гэж заасан байдаг. Иймээс хууль зөрчөөгүй хэлбэрээр хамтран ажиллах гэрээний дагуу картель үүсгэн байгуулах боломжтой юм. Концернийн тухайд Иргэний хуулийн 25.4-р зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол хэд хэдэн хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа зохицуулах зорилгоор нэгдэж болох бөгөөд нэгдлийн оролцогчид хуулийн этгээдийн эрхээ хадгална.” гэж заасны дагуу үүсгэн байгуулагдах боломжтой. Харин Компанийн тухай хуулийн 6.13-р зүйлээр компанийн нэгдлийг дараахь байдлаар тодорхойлсон байдаг: “Толгой компани, түүнтэй энэ хуулийн 6.1, 6.3, 6.8-д заасан хамаарал бүхий компаниуд, нэг этгээд дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран хувьцааных нь хяналтын багцыг эзэмшдэг, эсхүл компанийн удирдлагын шийдвэрийг нь тодорхойлох боломжтой компаниудыг компанийн нэгдэл гэнэ.”
Харин хэд хэдэн охин компани бүхий холдинг компани нь өөрөө ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэггүй бөгөөд зөвхөн компанийн хөрөнгө оруулалтын багцын удирдлага болон охин компаниудыг удирдлагаар хангадаг ба энэ зорилгоор хамтран ажиллах гэрээний дагуу нэгдэл байгуулагдах боломжтой.
Компани үүсгэн байгуулагчид нь үүсгэн байгуулах гэрээгээ байгуулж, дүрмээ хэлэлцэн баталсан боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байхдаа эрх зүйн харилцаанд оролцох боломжтой. Бүртгэлд бүртгэгдэх хүртэлх хугацаанд компанийн үйл ажиллагаанд зориулан худалдан авалт хийх, бусадтай түрээс, эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулах гэх мэтээр эрх зүйн харилцаанд оролцсон тохиолдолд гэрээний талыг хэн гэж үзэх вэ гэх мэт эрх зүйн асуудлууд үүсэн гарах боломжтой.
Гэр бүлийн хөрөнгийн харилцааг юуны түрүүнд гэр бүлийн эрх зүйгээр зохицуулах нь тодорхой. Гэрлэгсдийн хэн нэг нь гэр бүлийн гишүүний хувьд бус харин гэрлэгсдийн нөгөө талын эрхэлж буй аж ахуйн үйл ажиллагаанд тал болж тухайлбал нэмж хөрөнгө оруулалт хийх замаар оролцож болно.
Гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагсад нь дийлэнхдээ хувийн болоод эдийн засгийн талаасаа ч эрх зүйн хувьд холбогдохыг хүсдэггүй. Гэхдээ тэдгээр нь хүсэл зоригоо тодорхой илэрхийлэх замаар эсхүл дуугай байх замаар хамтран ажиллах гэрээ байгуулах замаар нэгдэж болно. Мөн хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй тохиолдолд ч гадаадын шүүхийн практикаас харахад хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд хамтран ажиллах гэрээний эрх зүйн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үздэг байна.[14] Үүний урьдчилсан нөхцөл нь хамтран амьдрагсад тодорхой эд зүйлийг хамтын хөрөнгөөрөө олж авч, түүнийг дан ганц хамтран ашиглах бус мөн тухайн зүйл нь тэдний дундын хөрөнгө байхаар хүсэл зоригтой байсан байх гэж үздэг байна.
3. Хувийн эрх зүйн байгууллагын эрх зүй – Хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах нэгдэл
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг. Ийнхүү гэрээний нэгэн төрөл болох хамтран ажиллах гэрээний харилцааг үүргийн эрх зүйн харилцаа болох талаас нь иргэний эрх зүй зүйчид түлхүү судалсан байдаг.
Компани, нөхөрлөл, хоршоо, холбоо, хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах нэгдэл, бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөлийн аль аль нь тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр хэлцлийн (дүрэм) үндсэн дээр байгуулагддаг. Ийм ч учраас эдгээр байгууллагуудын аль нэг хэлбэрийн хувьд үүсэж болох эрх зүйн тодорхой асуудал нь бусад хэлбэрийн хувьд дахин давтагдаж гарах нь түгээмэл байдаг. Үүгээр хувийн эрх зүйн байгууллагын эрх зүй гэсэн салбар эрх зүйд дээрх байгууллагуудыг нэгтгэн авч үзэж буйг зөвтгөн тайлбарлаж болох юм. Цаашид үүсэж болох ижил төстэй буюу хэлцлийн (дүрэм) үндсэн дээр байгуулагдах байгууллагын аливаа хэлбэр нь хувийн эрх зүйн байгууллагат хамаарна гэж үзэж болно.
Үүнээс дүгнэвэл хувийн эрх зүйн байгууллагын эрх зүй нь зохицуулалтын объект болох тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр хэлцлийн (дүрэм) үндсэн дээр байгуулагдах байгууллагуудын онцлог шинжээр тодорхойлогдож байна.[15] Тиймээс хувийн эрх зүйн байгууллагын эрх зүйг дээрх бүхий л байгууллагуудад холбогдох эрх зүйн харилцааг зохицуулах хэм хэмжээний нийлбэр гэж тодорхойлж болох юм. Үүнд тухайлбал эдгээр байгууллагуудыг хэрхэн байгуулах, тэдгээрийн удирдлага, төлөөлөл, хариуцлага зэрэг асуудлууд хамаарах юм.
Хувийн эрх зүйн байгууллагын эрх зүй нь Иргэний хуулийн ерөнхий анги болон үүргийн эрх зүйн материудыг хамаарна. Хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах нэгдэлд холбогдох харилцаа нь Иргэний хуулийн тусгай анги дахь үүргийн эрх зүйгээр[16] зохицуулагдах ба мөн энэхүү зохицуулалт нь бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөлийн хувьд нэгэн адил үйлчлэхээр заасан байдаг[17]. Хуулийн этгээдийн эрхтэй буюу хуулийн этгээдийн төрөл болох нөхөрлөл, компани, хоршоо, холбооны хувьд эрх зүйн чадвартай байх шинж нь голлох ач холбогдолтой тул тэдгээрийн талаар Иргэний эрх зүйн ерөнхий ангиар зохицуулсан болно.
Хувийн эрх зүйн байгууллагын эрх зүйд сангийн талаарх эрх зүйн зохицуулалт хамаарах боломжгүй. Сан нь гишүүд болон хувьцаа эзэмшигчгүй тул сангийн хувьд хувийн эрх зүйн байгууллагын хэлбэрүүдэд хамаарах эрх зүйн нийтлэг асуудал үүсэхгүй юм.
Иргэний хуулиар хувийн эрх зүйн хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын эрх зүйн байдлын талаар хангалттай зохицуулаагүй буюу эрх зүйн байдлыг тодорхой тогтоож өгөхөөс зайлсхийсэн нь хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах нэгдэл болон хуулийн этгээдийн эрхгүй бусад байгууллагын эрх зүйн зохицуулалтыг практик шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх орон зайг үлдээсэн гэж үзэж болох юм.
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө болно. Ийнхүү гэрээний дагуу дундаа өмчлөх хөрөнгө бүхий нэгдэл бий болсноор хууль тогтоогчийн хүсэж байсны дагуу энэхүү нэгдлийн хөрөнгийг нэгдлийн гишүүдийн хувийн хөрөнгөөс тусгаарлах зорилгод нийцэж байна гэж үзэж болох юм. Гэсэн хэдий ч энэ ойлголт нь нэгдлийн гишүүн нь нэгдэлд холбогдох эрх, үүргийг хэрэгжүүлэгч субъект биш гэж үзэх сул талыг бий болгож байгаа юм. Нэгдлийг зөвхөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэдэг өнцгөөс харвал энэ нь дундаа өмчлөх хөрөнгө бүхий нэгдлийн зарчимтай зөрчилдөнө.
Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардаж буй зүйл нь нэгдлийн хөрөнгө буюу дундын хөрөнгөд хамаарч байгаа бол нэгдлийн аль нэг гишүүн тухайн үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд дангаараа гүйцэтгэх боломжгүй юм. Эндээс нэгдлийн үүрэг, гишүүдийн үүрэг гэж зааглах шаардлагатай болох нь харагдаж байна.
Нэгдлийн ашиг сонирхлын үүднээс хийсэн гэрээ хэлцлийн тухайд нэг талаас дундын хөрөнгө, нөгөө талаас гишүүдийн хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээх давхар үүргийн асуудал үүсэх юм. Үүрэг, хариуцлагын зааг ялгааг энд анхаарч үзэх ёстой ба учир нь үүрэг нь зөвхөн субъектэд хамаардаг болохоос түүнийг хөрөнгөд хамааруулан авч үзэх боломжгүй.
Гадагш чиглэсэн харилцаанд нэгдлийг эрх зүйн субъект гэж үзэх практикт ач холбогдолтой бас нэг үндэслэл бол гишүүнчлэлд орж буй өөрчлөлт нь нэгдэл оролцсон эрх зүйн харилцаа үргэлжлэх эсэхэд нөлөөлөх ёсгүй явдал юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3 дахь хэсэгт заасныг уламжлалт байдлаар ойлгож хэрэглэвэл аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болоход хүрэх буюу гуравдагч этгээд болон нэгдлийн хооронд үүссэн үргэлжилсэн хугацааны харилцаанд гишүүн өөрчлөгдөх бүрт холбогдох гэрээ хэлцлийг шинэчлэн байгуулахад хүрэх юм. Иймээс гадагш чиглэсэн харилцаанд хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах нэгдлийг өөр хоорондоо ялгаатай талууд бүхий үүргийн харилцаатай адилтган авч үзэж болохгүй. Тодруулж хэлбэл хамтран ажиллах гэрээний харилцаа нь солилцооны шинжтэй үүргийн харилцаа биш юм.
Гишүүнчлэл өөрчлөгдөх бүрт бусад этгээдтэй байгуулсан үргэлжилсэн шинжтэй гэрээг шинэчлэн байгуулах шаардлагыг зөвтгөх ямар нэгэн үндэслэл үгүй бөгөөд нэгдлийн удирдах эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдийн нэгдлийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саадтай үр дагаврыг бий болгох юм.
Хэдийгээр хамтран ажиллах гэрээ нь хувийн эрх зүйн бүхий л байгууллагын үйл ажиллагааг зохицуулах суурь шинжтэй хэлцэл боловч түүнийг дан ганц үүргийн эрх зүйн харилцаа бус мөн байгууллагын суурь хэлцэл гэдэг талаас нь харилцааны онцлог, талуудын болоод гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг харгалзан үзэх бодит шаардлага бий болохыг дээр дурдсан үндэслэлүүдээс харж болохоор байна.
Хамтран ажиллах гэрээ нь солилцооны шинжтэй буюу нэг талын үүргийн хариуд нөгөө тал хөлс төлөх гэх мэт үүргийн харилцаанаас ялгаатай. Энэ гэрээг байгуулснаар талууд гэрээний гол нөхцөл болох хамтын зорилгыг хэрэгжүүлэхээр үүрэг хүлээдэг буюу энэхүү үүрэг нь гэрээний талуудын ашиг сонирхлын тулд бус гагцхүү хамтын зорилгыг хэрэгжүүлэх ашиг сонирхолтой холбоотой юм.
4. Дүгнэлт
Шүүхийн практикаас[18] харахад хамтран ажиллах гэрээний харилцааг хоёр талт солилцооны үүрэг бүхий харилцаа гэж үзэж холбогдох иргэний хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж буй нь гэрээний талуудын болоод тухайн байгууллагатай эрх зүйн харилцаанд оролцсон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэж болохоор байна.
Хувийн эрх зүйн нэгэн салбар эрх зүй болох хувийн эрх зүйн байгууллагын эрх зүйг хөгжүүлэх замаар нэгэнтээ практикт бий болоод буй харилцааг дан ганц үүргийн эрх зүйн өнцгөөс бус байгууллагын хувьд судлан авч үзэж, үүнийг үндэслэн холбогдох хэм хэмжээний зүй зохистой хэрэглээг бий болгох шаардлагатай юм.
[1] Б.Тэмүүлэн, Д.Энхзул, Б.Буянхишиг, Иргэний эрх зүй-ерөнхий анги, 2 дахь хэвлэл, 16 дахь тал, 2013 он, Улаанбаатар.
[2] С.Нарангэрэл, Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо, Улаанбаатар, 2001 он, 84 дэх тал.
[3] Н.Чинбат, Иргэний эрх зүй, лекцийн товчоон (ерөнхий анги), Улаанбаатар, 2014 он, 66 дахь тал.
[4] Н.Чинбат, Иргэний эрх зүй, лекцийн товчоон (ерөнхий анги), Улаанбаатар, 2014 он, 54 дэх тал.
[5] Н.Чинбат, Иргэний эрх зүй, лекцийн товчоон (ерөнхий анги), Улаанбаатар, 2014 он, 82 дахь тал.
[6] Иргэний хуулийн 476.1-р зүйлээр хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах нэгдэл, 481.1-р зүйлээр бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөлийн талаар тусгайлан зохицуулсан.
[7] Д.Наранчимэг, Иргэний эрх зүйн үндсэн асуудал, I дэвтэр, Улаанбаатар, 1999 он, 17 дахь тал.
[8] Иргэний хуулийн 33.1-р зүйл.
[9] Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн удиртгал, Улаанбаатар, 2002 он, 51 дэх тал.
[10] Д.Наранчимэг, Иргэний эрх зүйн үндсэн асуудал, I дэвтэр, Улаанбаатар, 1999 он, 17 дахь тал.
[11] Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн удиртгал, Улаанбаатар, 2002 он, 51-52 дахь тал.
[12] Б.Улаанбаатар, Иргэний эрх зүй-тайлбар толь, Улаанбаатар, 2005 он, 137 дахь тал.
[13] “Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр байгуулагдах хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын талаарх эрх зүйн зарим асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл, Эрх зүй сэтгүүл, 2013, дугаар 3 (25).
[14] BGH NJW 1992, 906, 907
[15] Hueck/Windbichler § 1Rdz. 1. Дэх тодорхойлолтыг харна уу.
[16] Иргэний хуулийн 476-р зүйлийг харна уу.
[17] Иргэний хуулийн 481-р зүйлийг харна уу.
[18] Б.Буянхишиг, “Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн ….