Хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах хуулийн этгээдийн эрхгүй бизнесийн байгууллагын талаарх эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал

Хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах хуулийн этгээдийн эрхгүй бизнесийн байгууллагын талаарх эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал

МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн

ахлах багш Дагвадоржийн Энхзул (LL.M)

 

Нэг. Ойлголт, практикт илрэн гарч буй хэлбэрүүд


Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар болох дэд бүтэц, уул уурхай, барилгын салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт шаардагдах хөрөнгө оруулалтын цар хүрээ, хэмжээ, шинэ техник, технологи, ажиллах хүчний мэргэжлийн ур чадвар зэрэг хүчин зүйлүүдээс хамааран дотоодын бизнес эрхлэгчид өөр хоорондоо болон гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахдаа дан ганц компанийн хэлбэрийг сонголгүйгээр гэрээний үндсэн дээр нэгдэн ажиллах явдал түгээмэл болж байна.

Тодруулж хэлбэл Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу хоёр ба түүнээс дээш эрх зүйн этгээд (иргэн, хуулийн этгээд) тодорхой хамтын зорилгын талаар харилцан тохиролцож урт, богино хугацаанд хамтран ажиллах гэрээг байгуулж байна.

Богино буюу түр хугацааны хамтын ажиллагааны тухайд бизнес эрхлэгчид хамтран ажиллах гэрээний дагуу нэгдэн гэрээний нэг тал болж эрх зүйн харилцаанд оролцохыг зөвшөөрсөн хуулиудын нэг нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль юм. Энэ хуулийн 5 дугаар зүйлд тендерт оролцогчийг дараахь байдлаар тодорхойлсон байна:

Тендерт оролцогч гэж захиалагчаас хараат бус дараахь этгээдийг ойлгоно:

- дангаараа тендер ирүүлсэн этгээд;

- хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд.

Үүний зэрэгцээ Монгол Улсын хувийн эрх зүйн хууль тогтоомжуудаар хуулийн этгээдүүдийн нэгдэл[1], мөн зах зээлд нөлөөлөх зорилгоор хууль зөрчөөгүй хэлбэрээр картель[2] байгуулахыг хүлээн зөвшөөрсөн ба энэ төрлийн нэгдлийг мөн л хамтран ажиллах гэрээний дагуу байгуулна.

Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар “Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцохыг хориглоно[3] гэж зохицуулснаар гагцхүү хуулийн этгээдийг өөрийн нэрийн өмнөөс эрх зүйн харилцаанд бие даан оролцохыг хориглосон буюу бүртгэгдэхээс өмнө үүссэн нэгдлийг эрх зүйн харилцаанд оролцохыг хориглоогүй гэж үзэж байна. Компани үүсгэн байгуулагчид нь гэрээ, дүрмээ хэлэлцэн баталсан боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байхдаа эрх зүйн харилцаанд оролцох шаардлага бий болдог. Бүртгэлд бүртгэгдэх хүртэлх хугацаанд компанийн үйл ажиллагаанд зориулан худалдан авалт хийх, бусадтай түрээс, эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулах гэх мэтээр эрх зүйн харилцаанд оролцсон тохиолдолд гэрээний талыг хэн гэж тодорхойлох, мөн түүний эрх зүйн байдлын талаарх  асуудлууд үүсэн гарах боломжтой.


Хоёр. Хувийн эрх зүйн байгууллагын эрх зүй - хувийн эрх зүйн байгууллага - хувийн эрх зүйн хуулийн этгээдийн эрхгүй байгууллага


Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг.

Иргэний хуулийн энэ зохицуулалт нь дан ганц гэрээний нэг төрөлд холбогдох бус харин хувийн эрх зүйн байгууллагыг үүсгэн байгуулах суурь хэлцэл болдог онцлогтой. Тодруулж хэлбэл компани[4], нөхөрлөл[5], хоршоо[6], бүртгэгдсэн болоод бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөлийн аль аль нь тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр хэлцлийн (дүрэм) үндсэн дээр байгуулагддаг. (Хэдийгээр холбогдох хуулиудад үүсгэн байгуулах баримт бичгийг гэрээ, дүрэм гэж ялгамжтайгаар зохицуулсан боловч зохицуулж буй харилцааны агуулга нь нэг адил буюу хамтран ажиллах гэрээний агуулгатай гэж үзэж байна.) Ийм ч учраас эдгээр байгууллагуудын аль нэг хэлбэрийн хувьд үүсэж болох эрх зүйн тодорхой асуудал нь бусад хэлбэрийн хувьд дахин давтагдаж гарах нь түгээмэл байдаг. Үүгээр хувийн эрх зүйн байгууллагын эрх зүй гэсэн салбар эрх зүйд дээрх байгууллагуудыг нэгтгэн авч үзэх боломжтойг зөвтгөн тайлбарлаж болох юм. Цаашид үүсэж болох ижил төстэй буюу хэлцлийн (дүрэм) үндсэн дээр байгуулагдах  байгууллагын аливаа хэлбэр нь хувийн эрх зүйн байгууллагат хамаарна гэж үзэж болох юм.[7]  

Үүнээс дүгнэвэл хувийн эрх зүйн байгууллагын эрх зүй нь зохицуулалтын объект болох тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр хэлцлийн (дүрэм) үндсэн дээр байгуулагдах байгууллагуудын онцлог шинжээр тодорхойлогдож байна.[8] Тиймээс хувийн эрх зүйн байгууллагын эрх зүйг дээрх бүхий л байгууллагуудад холбогдох эрх зүйн харилцааг зохицуулах хэм хэмжээний нийлбэр гэж тодорхойлж болох юм. Үүнд тухайлбал эдгээр байгууллагуудыг хэрхэн байгуулах, тэдгээрийн удирдлага, төлөөлөл, хариуцлага  зэрэг асуудлууд хамаарах юм.

Хувийн эрх зүйн байгууллагын эрх зүй нь Иргэний хуулийн ерөнхий анги болон үүргийн эрх зүйн материудыг хамаардаг. Хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад холбогдох харилцаа нь Иргэний хуулийн тусгай анги дахь үүргийн эрх зүйгээр[9] зохицуулагдах ба энэхүү зохицуулалт нь бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөлийн хувьд нэгэн адил үйлчлэхээр заасан байдаг[10]. Харин хуулийн этгээдийн төрөл болох нөхөрлөл, компани, хоршоо, холбооны хувьд эрх зүйн чадвартай байх шинж нь голлох ач холбогдолтой тул тэдгээрийн талаар Иргэний эрх зүйн ерөнхий ангиар зохицуулсан гэж үзэж байна.

Хувийн эрх зүйн байгууллагын эрх зүйд сангийн талаарх эрх зүйн зохицуулалт хамаарах боломжгүй. Сан нь гишүүд болон хувьцаа эзэмшигчгүй тул түүний хувьд хувийн эрх зүйн байгууллагын хэлбэрүүдэд хамаарах эрх зүйн нийтлэг асуудал үүсэхгүй юм.

Монгол Улсын Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгээр иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч байхаар тодорхойлон заасан байна. Үүгээр иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийг иргэн ба байгууллага гэсэн хоёр хэлбэртэй байхаар хуульчилсны зэрэгцээ хувийн эрх зүйн байгууллага нь хуулийн этгээдийн эрхтэй ба хуулийн этгээдийн эрхгүйгээр оршин байх боломжийг зөвшөөрсөн байна.

Эрх зүйн субъект буюу эрх зүйн этгээд гэдэгт эрх зүйн харилцаанд оролцож, эрх эдэлж, үүрэг хүлээх боломжтой этгээд хамаарна.[11] Аливаа субъектын эрх зүйн харилцааны оролцогч байх боломж нь субъектын эрх буюу субъект байх чадвараар тодорхойлогдоно.[12]

Монгол Улсын Иргэний хуулийн II дэд хэсгийн гурав болон дөрөвдүгээр бүлэгт иргэн болон хуулийн этгээдийн эрх зүйн байдлын талаар нарийвчлан зохицуулсан буюу тэдгээрийн субъектын эрхийг төрөөс баталгаажуулж өгсөн байдаг. Энд заасны дагуу иргэн, хуулийн этгээд нь эрх эдэлж, үүрэг хүлээх ерөнхий нийтлэг боломж буюу эрх зүйн чадвартай[13] байна.     

Харин Иргэний хуулийн II дэд хэсэгт хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад холбогдох аливаа зохицуулалт байхгүй ба түүний дотор иргэний эрх зүйн харилцаанд оролцогч болохын хувьд түүний эрх зүйн байдлыг тодорхойлсон нийтлэг зохицуулалт байхгүй болно.

Иргэний хуулиар хувийн эрх зүйн хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын эрх зүйн байдлын талаар хангалттай зохицуулаагүй буюу эрх зүйн байдлыг тодорхой тогтоож өгөхөөс зайлсхийсэн нь хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах нэгдлийн болон хуулийн этгээдийн эрхгүй бусад байгууллагын эрх зүйн зохицуулалтыг практик шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх орон зайг үлдээсэн гэж үзэж болох юм.[14]

Харин хувийн эрх зүйн хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын төрлийн талаар Иргэний хуулийн тусгай ангид дараахь байдлаар зохицуулсан байдаг. Үүнд:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэг

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.

2. Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн 481.1 дэх хэсэг

Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хэд хэдэн этгээд холбоо болон нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулж болох бөгөөд ийм байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй, бүтэц, зохион байгуулалтыг гишүүд харилцан тохиролцож тодорхойлно.

Хамтран ажиллах гэрээний дагуу бий болох дундын хөрөнгө бүхий нэгдэл нь эрх зүйн субъект мөн эсэх, ямар хүрээнд эрх зүйн субъект байж болох эсэх тодруулж хэлбэл ямар хүрээнд эрх эдэлж, үүрэг хүлээх чадвартай талаар одоог хүртэл эрдэмтэд, судлаачдын дунд нэгдмэл ойлголт байхгүй байна.[15]  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлээр хэргийн оролцогчийн эрх зүйн чадварын талаар зохицуулсан байх ба энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг шүүгч захирамж гарган оролцуулж болно” гэж заасан байна. Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч  гэнэ” гэж заасан байх тул хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч эсхүл гуравдагч этгээдийн хувьд оролцох боломж буюу процесст тал болж оролцох чадварыг тодорхой хязгаартайгаар хүлээн зөвшөөрсөн байна.


Гурав. Хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах хуулийн этгээдийн эрхгүй байгууллага эрх зүйн субъект мөн үү?


Энэ талаарх онолын хүрээнд хэд хэдэн ялгамжтай үзэл баримтлалууд байсаар байна. Заримаас нь тодруулан авч үзвэл:

Индивидуаль онолоор дундын хөрөнгө бүхий нэгдлийг зөвхөн хөрөнгийн эрх зүйн талаасаа л бие даасан шинжтэй байна гэж үздэг. Нэгдлийн хөрөнгө нь тусгайлсан буюу гишүүдийн хувийн хөрөнгөөс тусдаа хөрөнгө юм. Нэхэмжлэгч болон хариуцагч нь нэгдэл бус харин зөвхөн гишүүд нь байж болно гэж үздэг.[16]

Дундын хөрөнгө бүхий нэгдлийн талаарх хуулийн бүхий л зохицуулалтын хүрээнд хөрөнгийн эрхийн талаар хангалттай зохицуулсан байдаг. Үүнээс дүгнэвэл дундын хөрөнгө бүхий нэгдлийн зарчим нь дан ганц хөрөнгийг зааглах тухай зарчим буюу нэгдлийн хөрөнгө нь тусгайлсан хөрөнгө байх юм. Тодруулж хэлбэл ийнхүү тусгайлсан хөрөнгө гэж тодруулж өгснөөр хариуцлага хүлээх хөрөнгийн хэмжээг тодорхойлж өгсөн гэж үздэг. Харин эрх зүйн субъект нь зөвхөн хувь болон хуулийн этгээд байж болно гэж үздэг байна.

Ялангуяа хариуцлагын талаарх асуудлын хувьд энэ нь ач холбогдолтой ба энэ тохиолдолд зөвхөн гишүүд хариуцлага хүлээнэ. Нэгдлийн хөрөнгө нь гишүүдийн хүлээх хариуцлагын хувьд хувийн хөрөнгийн зэрэгцээ орших тусгайлсан объект болох юм (хариуцлага хүлээх давхар объект).

Сүүлийн үед хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг дундын хөрөнгө бүхий нэгдэл болохын хувьд тодорхой хүрээнд эрх зүйн зарим чадвартай  гэж үзэх хандлага бий болж улмаар шүүхийн практикт хүлээн зөвшөөрсөн шийдвэр гарч байна. Үүний дагуу хамтран ажиллах гэрээний дагуу бий болох дундын хөрөнгө бүхий нэгдэл буюу хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь нэхэмжлэгч, хариуцагч байж болох юм.

Эрх эдэлж, үүрэг хүлээх зохих этгээд байхгүй бол тусгайлсан хөрөнгө бий болох боломжгүй юм. Тусгайлсан хөрөнгө бий болохыг хуулиар зөвшөөрөхийн тулд бие даасан шинжтэй нэгдэл бий болсон байхыг шаардана.[17] Энэхүү үзэл баримтлалын дагуу нэгдэл нь ямар хүрээнд бие даасан байх шаардлагатай вэ гэдэг асуудал одоог хүртэл маргаантай хэвээр байна. Юуны өмнө  хариуцлагын асуудлаар ялгаатай үр дагаврууд бий болдог:

- Онолын хүрээнд олонхийн дэмжиж буй үзэл баримтлалын дагуу нэгдэл нь гишүүдийнхээ зэрэгцээ үүрэг хүлээнэ гэж үздэг (давхар үүргийн онол). Нэгдэл нь нэгдлийн хөрөнгөөрөө, гишүүд нь хувийн эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээх юм.[18]

- Зарим талаараа нэгдэл нь тодорхой хүрээнд бие даасан шинжтэй байх буюу тодруулж хэлбэл хариуцлага хүлээх анхдагч этгээд нь нэгдэл байх ба нэгдлийн хөрөнгөөр хариуцлага хүлээх юм. Харин гишүүд нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн нэгэн адил хариуцлага хүлээх хоёрдагч этгээд болохын хувьд нэгдлийн хариуцлагыг өөрийн хувийн хөрөнгөөрөө хүлээнэ (акцессоритетийн онол).


Дөрөв. Хамтран ажиллах гэрээний харилцааны онцлог - хэм хэмжээний хэрэглээ


Хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаар оролцогчдын буюу нэгдлийн гишүүдэд харилцан бие биенийхээ өмнө хүлээх үүргийн эрх зүйн эрх, үүрэг бий болно. Тухайлбал хураамж төлөх үүрэг, удирдах эрх бүхий гишүүний хүлээх итгэлцлийг хамгаалах үүрэг, мэдээллийн нууцыг хадгалах үүрэг, хамтын ажиллагааг буюу нэгдлийг удирдах эрх, хамтын ажиллагаанд оролцох буюу шийдвэр гаргахад санал өгөх эрх, ашиг, алдагдлыг хуваарилахад оролцох эрх гэх мэт. 

Эрх, үүрэг нь зөвхөн гишүүдийн хооронд бус мөн нэгдэл ба гишүүний хооронд үүснэ. Учир нь шаардах эрх нь зөвхөн гишүүдийн хооронд бус харин нэгдэл ба түүний гишүүдийн хооронд үүсэх боломжтой гэж үзэж байна.

Хоёр талын гэрээний харилцаанд нэг тал тодорхой шаардах эрхээ хэрэгжүүлж харин нөгөө тал нь түүнийг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг.  Харин хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах нэгдлийн тухайд зөвхөн хоёр этгээдийн хооронд эрх зүйн харилцаа үүсдэг бус мөн нэгдэл нь (дундын хөрөнгөөрөө нэгдэж буй гишүүд) эрх, үүрэгт хамааралтай бас нэгэн субъект байдгаараа онцлогтой.

Гэрээнд заасны дагуу хураамжаа төлөөгүй тохиолдолд түүнд холбогдох эрх зүйн маргааныг хэрхэн шийдвэрлэх тухай асуудал үүсэж болно. (Иргэний хуулийн 219 дүгээр зүйл). Солилцооны гэрээний харилцаанд үйлчилдэг Иргэний хуулийн 225-227 дугаар зүйлүүд нь хамтран ажиллах гэрээний хувьд үйлчлэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах нэгдэл бүрийн тухайд хамтын зорилгыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцдог байдал нь Иргэний хуулийн 225-227 дугаар зүйл дэх зохицуулалтын зорилго буюу гэрээний хариуцлага хүлээлгэх шинжтэй зөрчилдөх юм. Харин зөвхөн хоёр этгээдийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний тухайд хоёр талын гэрээний харилцаанд үйлчлэх Иргэний хуулийн 225-227 дугаар зүйлүүдийг хэрэглэж болох юм.     

Үүргээ гүйцэтгэх боломжтой байсан ч гэрээгээр амласан хураамжаа зохих ёсны дагуу төлөөгүй бүхий л тохиолдолд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.9 дэх хэсэгт заасны дагуу гэрээний тал бүр үүргээ гүйцэтгээгүй талаас үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэйн зэрэгцээ нэгдлийн зүгээс шаардлага хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Хэрэв үүрэг гүйцэтгэгч гэм буруутай бол (Иргэний хуулийн 219 дүгээр зүйл) мөн үүргийн зөрчлийн улмаас бий болсон хохирлыг хариуцан арилгуулахаар шаардана. Иргэний хуулийн 478 дугаар 478.8 дахь хэсэгт заасны дагуу гэрээгээр өөрөөр тохиролцоогүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна. Хэрэв гэрээний аль нэг тал хураамж төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй (хураамжийг эд хөрөнгийн хэлбэрээр төлсөн тохиолдолд) бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийг дахин гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй байх нь хамтран ажиллах гэрээний хувьд тохиромжгүй гэж үзэж байна. Үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тал нь төлсөн хураамжтай хувь тэнцүү байдлаар ашиг хүртэх эрхтэй байдгийн хувьд үүргээ мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх нь гэрээний бусад талуудын болоод нэгдлийн ашиг сонирхолд нийцэх юм. Хуульд заасан шаардлага хангагдсан ямар ч тохиолдолд Иргэний хуулийн 480 дугаар зүйлд заасны дагуу гэрээний харилцааг дуусгавар болгох эсхүл Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.5-р зүйлд заасны дагуу үүргээ ноцтой зөрчсөн талыг талууд санал нэгтэйгээр гэрээнээс гаргаж болно. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-р зүйлд заасны дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг арилгуулах шаардах эрхээ алдах юм.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө болно. Ийнхүү гэрээний дагуу дундаа өмчлөх хөрөнгө бүхий нэгдэл бий болсноор хууль тогтоогчийн хүсэж байсны дагуу энэхүү нэгдлийн хөрөнгийг нэгдлийн гишүүдийн хувийн хөрөнгөөс тусгаарлах зорилгод нийцэж байна гэж үзэж болох юм. Гэсэн хэдий ч энэ ойлголт нь нэгдлийн гишүүн нь нэгдэлд холбогдох эрх, үүргийг хэрэгжүүлэгч субъект биш гэж үзэх сул талыг бий болгож байгаа юм. Нэгдлийг зөвхөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэдэг өнцгөөс харвал энэ нь дундаа өмчлөх хөрөнгө бүхий нэгдлийн зарчимтай зөрчилдөнө.

Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардаж буй зүйл нь нэгдлийн хөрөнгө буюу дундын хөрөнгөд хамаарч байгаа бол нэгдлийн аль нэг гишүүн тухайн үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд дангаараа гүйцэтгэх боломжгүй юм. Эндээс  нэгдлийн үүрэг, гишүүдийн үүрэг гэж зааглах шаардлагатай болох нь харагдаж байна.           

Нэгдлийн ашиг сонирхлын үүднээс хийсэн гэрээ хэлцлийн тухайд нэг талаас дундын хөрөнгө, нөгөө талаас гишүүдийн хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээх давхар үүргийн асуудал үүсэх юм. Үүрэг, хариуцлагын зааг ялгааг энд анхаарч үзэх ёстой ба учир нь үүрэг нь зөвхөн субъектэд хамаардаг болохоос түүнийг хөрөнгөд хамааруулан авч үзэх боломжгүй.    

Гадагш чиглэсэн харилцаанд нэгдлийг эрх зүйн субъект гэж үзэх практикт ач холбогдолтой бас нэг үндэслэл бол гишүүнчлэлд орж буй өөрчлөлт нь нэгдэл оролцсон эрх зүйн харилцаа үргэлжлэх эсэхэд нөлөөлөх ёсгүй явдал юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3 дахь хэсэгт заасныг уламжлалт байдлаар ойлгож хэрэглэвэл аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болоход хүрэх буюу гуравдагч этгээд болон нэгдлийн хооронд үүссэн үргэлжилсэн хугацааны харилцаанд гишүүн өөрчлөгдөх бүрт холбогдох гэрээ хэлцлийг шинэчлэн байгуулахад хүрэх юм. Иймээс гадагш чиглэсэн харилцаанд хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах нэгдлийг өөр хоорондоо ялгаатай талууд бүхий үүргийн харилцаатай адилтган авч үзэж болохгүй. Тодруулж хэлбэл хамтран ажиллах гэрээний харилцаа нь солилцооны шинжтэй үүргийн харилцаа биш юм.

Гишүүнчлэл өөрчлөгдөх бүрт бусад этгээдтэй байгуулсан үргэлжилсэн шинжтэй гэрээг шинэчлэн байгуулах шаардлагыг зөвтгөх ямар нэгэн үндэслэл үгүй бөгөөд нэгдлийн удирдах эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдийн нэгдлийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саадтай үр дагаврыг бий болгох юм.

Хэдийгээр хамтран ажиллах гэрээ нь хувийн эрх зүйн бүхий л байгууллагын үйл ажиллагааг зохицуулах суурь шинжтэй хэлцэл боловч түүнийг дан ганц үүргийн эрх зүйн харилцаа бус мөн байгууллагын суурь хэлцэл гэдэг талаас нь харилцааны онцлог, талуудын болоод гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг харгалзан үзэх бодит шаардлага бий болохыг дээр дурдсан үндэслэлүүдээс харж болохоор байна.

Хамтран ажиллах гэрээ нь солилцооны шинжтэй буюу нэг талын үүргийн хариуд нөгөө тал хөлс төлөх гэх мэт үүргийн харилцаанаас ялгаатай. Энэ гэрээг байгуулснаар талууд гэрээний гол нөхцөл болох хамтын зорилгыг хэрэгжүүлэхээр үүрэг хүлээдэг буюу энэхүү үүрэг нь гэрээний талуудын ашиг сонирхлын тулд бус гагцхүү хамтын зорилгыг хэрэгжүүлэх ашиг сонирхолтой холбоотой юм.  

Талууд хамтран ажиллах гэрээ байгуулахдаа буюу байгууллагыг үүсгэн байгуулахдаа алдаа гаргасны улмаас хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр бус байх эсхүл хүчин төгөлдөр бусад тооцуулах үр дагавар үүсдэг. Тухайлбал Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлүүд, диссенс, хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлүүд, хэлбэрийн шаардлага хангаагүй байх эсхүл хамтран ажиллах гэрээний нэг тал нь насанд хүрээгүй этгээд байгаа тохиолдолд холбогдох хуулийн зохицуулалтыг анхаараагүйгээс үүдэлтэй байж болно. Энэ тохиолдолд гэрээний нэг хэсэг хүчин төгөлдөр бус болох эсхүл гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус болоход хүрнэ. 

Хүчин төгөлдөр бус эсхүл хүчин төгөлдөр бусад тооцуулах боломжтой хамтран ажиллах гэрээг үндэслэн талууд байгууллагын үйл ажиллагааг хэдийн хэрэгжүүлж эхлүүлсэн буюу байгууллагын ашиг сонирхлын тулд бусадтай гэрээ, хэлцэл хийсэн эсвэл талууд хураамжаа төлсөн байж болно. Энэ нөхцөл нь ялангуяа талууд байгуулсан гэрээгээ хүчин төгөлдөр бус болохыг эсвэл хүчин төгөлдөр бусад тооцуулах боломжтой гэдэг талаар огт мэдээгүй байсан тохиолдолд бий болох боломжтой. Байгууллагын үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээс хойш хамтран ажиллах гэрээн дээр гарсан алдааг талууд олж мэдсэн тохиолдолд Иргэний хуулийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүдэлтэй шаардах эрхийг хэрэгжүүлэх боломж бараг үгүй болсон байдаг.[19] Иймээс хэрэв гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэнээр нийтийн болоод тодорхой этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөргүй тохиолдолд гэрээний талуудын хүсэл зориг болоод гуравдагч этгээдийн эрхийг харгалзан “дүрмийн бус зохицуулалт”-ыг бий болгох замаар гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжийг олгож болох юм. 


Товчлон дүгнэвэл:


1. Хэдийгээр хувийн эрх зүйн байгууллагад холбогдох харилцааг зохицуулсан хууль түүний дотор Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай, Хоршооны тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд хувийн эрх зүйн байгууллагыг үүсгэн байгуулах баримт бичгийг ялгамжтай (үүсгэн байгуулах гэрээ, дүрэм гэх мэт) нэрлэн томьёолсон боловч эдгээр нь хамтран ажиллах гэрээний гол нөхцлийг өөртөө агуулсан,  хэлцлийн шинж бүхий баримт бичиг гэж үзэж байна. Хэрэв энэ утгаар нь ойлговол хувийн эрх зүйн байгууллага нь хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдах тохиолдолд дахин шинээр үүсгэн байгуулах баримт бичиг үйлдэхгүйгээр бүртгэлд холбогдох өөрчлөлтийг хийх замаар хялбараар өөрчлөн байгуулагдах эерэг үр дагавартай байж болох юм.

2. Хамтран ажиллах гэрээ нь нэг төрлийн гэрээний харилцаа боловч түүнийг үндэслэн хувийн эрх зүйн байгууллага үүсгэн байгуулагдах онцлогтой тул хамтран ажиллах гэрээнд холбогдох эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх, холбогдох хэм хэмжээг хэрэглэхдээ энэ онцлогийг нь харгалзан үзэх нь зүйтэй юм. Магадгүй хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгч хуулийг цоорхойтой байна гэж тогтоовол шүүгч энэ цоорхойг шийдвэрийнхээ үндэслэлд дурдсан “хуулийн нэмэлт”-ээр нөхдөг. Шүүхээс “тогтоох хуулийн нэмэлт” нь тухайн шийдвэрлэж байгаа тохиолдолд болон түүнтэй төстэй ирээдүйд шийдвэрлэх тохиолдлуудын хувьд ч ач холбогдолтой.[20]

3. Хувийн эрх зүйн салбарт бизнесийн эрх зүйн зэрэгцээ хувийн эрх зүйн байгууллагын эрх зүй судлалыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Учир нь бизнесийн эрх зүйн судлах зүйлийг зөвхөн ашгийн төлөө зорилготой байгууллагаар хязгаарласнаар ашгийн бус зорилготой хуулийн этгээд болон хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь судлах зүйлийн гадна үлдэх сул талтай байна. Магадгүй бизнесийн эрх зүй хичээлийг хувийн эрх зүйн байгууллагын эрх зүй гэж өөрчлөн томьёолж улмаар судлах зүйлийн агуулгыг өргөжүүлэх замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой байж болох юм.    


[1] Монгол Улсын Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэг: “Хуульд өөрөөр заагаагүй бол хэд хэдэн хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа зохицуулах зорилгоор нэгдэж болох бөгөөд нэгдлийн оролцогчид хуулийн этгээдийн эрхээ хадгална.”

[2] Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг: “Аж ахуй эрхлэгчийн хооронд байгуулсан дараахь гэрээ, хэлцэл (картель) нь нийтийн ашиг сонирхолд харшлах, эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцлийг бүрдүүлэхээр бол хориглоно...”.

[3] Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг харна уу.

[4] Монгол Улсын Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу компанийн дүрэм нь компанийн үүсгэн байгуулах баримт бичиг болно. Дүрэмд тусгах зүйлсийн талаар энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгээс харна уу.

[5] Монгол Улсын Нөхөрлөлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "үүсгэн байгуулах гэрээ" гэж хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн энэ хуульд заасан хэлбэрээр зохион байгуулагдаж тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар хэлэлцэн тохирч бичгээр байгуулсан хэлцлийг хэлнэ.

[6] Хоршооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг: “Хоршоог үүсгэн байгуулах баримт бичиг нь хоршооны дүрэм байна.” Дүрэмд тусгах зүйлсийн талаар энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгээс харна уу.

[7] Д.Энхзул, “Хувийн эрх зүйн хуулийн этгээдийн эрхгүй байгууллага - Хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах нэгдлийн эрх зүйн зарим асуудлын тухайд”, “Монгол Улсын Хууль зүйн шинжлэх ухаан: өнөө ба ирээдүй”   олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл, 265-266 дахь тал.

[8] Hueck/Windbichler § 1Rdz. 1. дэх тодорхойлолтыг харна уу.

[9] Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйл ба түүний дараагийн зүйлүүд.

[10] Монгол Улсын Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийг харна уу.

[11] Dieter Leipold: BGB I – Einfuehrung und Allgemeiner Teil, 5.Auflage, 2008, Seite 421.

[12] Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн удиртгал, анхны хэвлэл, 2012 он, 47 дахь тал.

[13] Ч.Нямсүрэн, “Эрх зүйн ерөнхий онол” 2010 он, 310 дахь тал.

[14] Д.Энхзул, “Хувийн эрх зүйн хуулийн этгээдийн эрхгүй байгууллага - Хамтран ажиллах гэрээний дагуу байгуулагдах нэгдлийн эрх зүйн зарим асуудлын тухайд”, “Монгол Улсын Хууль зүйн шинжлэх ухаан: өнөө ба ирээдүй”   олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл, 266 дахь тал.

[15] Д.Энхзул, “Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр байгуулагдах хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын талаарх эрх зүйн зарим асуудлууд”, Эрх зүй сэтгүүл, 2013 оны дугаар 4 (26), 29 дэх тал.

[16] Larenz BGB AT, Aufl., § 9 SchuldR II § 60 IV; Staudinger/Kessler Vorbem zu § 705 Rdn 64; Jauering/Stuerner §§ 714, 715 Anm 1; BAG NJW 1989, 3035; Hopt/Hehl Rdn 214 f; Weber-Grellet AcP 182, 316 ff.  

[17] MuenchKomm/Ulmer § 705 Rdn 129.

[18] MuenchKomm/Ulmer § 705 Rdn 128-136; Soerge/Hadding vor § 705 Rdn 21; § 714 Rdn 2 ff; § 718 Rdn 3; Habersack JuS 1993, 1 ff.

 

[19] Barbara Grunewald, Gesellschaftsrecht, 9.Auflage, Seite 82.

[20] Б.Тэмүүлэн, Д.Энхзул, Б.Буянхишиг, Иргэний эрх зүй-ерөнхий анги, 2 дахь хэвлэл, 12 дахь тал.